Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр

Засгийн газрын 2014 оны 238 дугаар
             тогтоолын 1 дүгээр хавсралт


СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөр хэрэгжүүлэх үндэслэл, шаардлага
“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны  хөтөлбөр”-т “Соёлын өвийг эрэн сурвалжлах, судлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлан түгээх үндэсний чадавхийг нэмэгдүүлэх”,  Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 212.4-т “Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлэхийг заасан.

Баримтат өв нь тухайн улс орны түүх, хэл, соёл, ёс заншлыг тээн хадгалж байдаг судалгаа шинжилгээний чухал хэрэглэгдэхүүн бөгөөд тухайн цаг үеийн талаар илүү тодорхой, дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байдаг онцлогтой.

Монгол Улсын Үндэсний номын сангийн “Монгол судлал, гар бичмэл номын сан хөмрөг”-т 21 мянга орчим гар бичмэл, барын ном, “Түвд номын сан хөмрөг”-т монгол, түвд эрдэмтэн мэргэдийн бүтээсэн 1,5 сая орчим ном судар, “Дорно дахины ном, хэвлэлийн сан хөмрөг”-т 100 гаруй мянган, нийт гурван сая гаруй ховор чухал ном, судар хадгалагдаж байна.

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Дуун ухааны сан хөмрөг”-т тус хүрээлэнгийн эрдэмтдийн 1950-1990 оны хооронд сурвалжлан цуглуулж бүрдүүлсэн аман зохиол болон нутгийн аялгууны материал бүхий 1200 орчим соронзон хальс, 1100 орчим тод үсгийн судар, эрдэмтдийн гараар бичсэн аман зохиол, нутгийн аялгууны хэрэглэгдэхүүн, тайлан бүхий 450 орчим хавтаст материал хадгалагдаж байдаг.

Дээрх байгууллагуудад хадгалагдаж байгаа баримтат өвүүд болон сүм, хийд, иргэдийн гар дээр байгаа ховор, чухал ном судар нь хадгалалтын буруу горимоос үүдэн хуурайшиж хэврэгших, элэгдэж хугарах, үг, үсэг балрах, гэмтэх явдал гарсаар байна. Тухайлбал “Дуун ухааны сан хөмрөг”-т хадгалж байгаа материалаас 1496 үлгэрийн 100 орчим нь хадгалалтын явцад бүрэн бус болсон, 2008 оны улсын тооллогоор Үндэсний номын санд хадгалагдаж байгаа ном судрын 85 хувь нь их, бага хэмжээний гэмтэлтэй гарсан бөгөөд 20-30 жилийн дараа гэхэд тэн хагас нь устаж үгүй болох аюул нүүрлээд байгааг олон улсын шинжээч, эрдэмтэн, мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

Манай Улс ЮНЕСКО-гийн соёлын баримтат өвийг хамгаалах “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэлхийн баримтат өвийн жагсаалтад баримтат өвөө бүртгүүлэх ажлыг эхлүүлсэн хэдий ч үндэсний хэмжээнд баримтат өвийг бүртгэх, хамгаалах ажил хангалтгүй байсаар байна.

Энэ нөхцөл байдлын улмаас монголчуудын оюун ухааны үнэт өв сан болсон баримтат өвүүд устаж үгүй болох аюул тулгараад байгаа тул нэн даруй хамгаалалтад авах шаардлагатай байна.

Иймээс энэ хөтөлбөр нь үндэсний хэмжээнд баримтат өвийг сурвалжлан тогтоох, бүртгэн баримтжуулах, шинжлэн судалж нийтийн хүртээл болгох замаар дэлхий нийтэд хэл, соёлоо сурталчлах, хойч үедээ үндэсний түүх, соёлоороо бахархах үзлийг бий болгоход чиглэгдэх юм.

Мөн “Соёлын өвийг эрэн сурвалжлах, судлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлан түгээх үндэсний чадавхийг нэмэгдүүлэх” Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хангах болно.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Зорилго. Соёлын баримтат өвийн үндэсний хэмжээний бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, баримтат өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, сурталчлахад хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Зорилт

     2.2.1. соёлын баримтат өвийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

     2.2.2. соёлын баримтат өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах;         

     2.2.3. соёлын баримтат өвийг сэргээн засварлах;

     2.2.4. соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулах, сурталчлах.


Гурав. Хөтөлбөрийн хугацаа
3.1. I үе шат: 2015-2017 он;        3.2. II үе шат: 2018-2022 он.


Дөрөв. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1. Соёлын баримтат өвийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:

     4.1.1. соёлын баримтат өвийн бүртгэл хийх арга зүй, шалгуур, үзүүлэлт боловсруулах;

     4.1.2. соёлын баримтат өвийн бүртгэл хийх, эргэлт, шилжилт, хөдөлгөөний бүртгэлийг сайжруулах;

     4.1.3. соёлын баримтат өвийн мэдээллийг тоон системд оруулахад шаардагдах программ хангамж боловсруулах;

     4.1.4. соёлын баримтат өвийн бүртгэл, мэдээллийн санг архив, сан хөмрөгийн зориулалтаар тоноглосон өрөөнд хадгалах;

     4.1.5. соёлын баримтат өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн цахим мэдээллийг хил, гааль, цагдаа, мэргэжлийн хяналтын дотоод сүлжээтэй холбох;

     4.1.6. соёлын баримтат өвийн тооллогыг тогтмол зохион байгуулах;

     4.1.7. соёлын баримтат өвийн үндэсний хэмжээний бүртгэл бий болгох, баримтат өвийг үндэсний болон бүс нутгийн, дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг зохион байгуулах;

     4.1.8. соёлын баримтат өвийн бүртгэл хийхэд шаардагдах тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслээр хангах, ажилтныг дадлагажуулах,               сургалт-семинар зохион байгуулж, удирдамж, заавраар хангах.

4.2. Соёлын баримтат өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:

      4.2.1. соёлын баримтат өвийг стандартын шаардлага хангасан орчин, нөхцөлд хадгалах, холбогдох тоног төхөөрөмжөөр хангах;

      4.2.2. соёлын баримтат өвийг бүрэн эхээр нь дижитал хэлбэрт оруулах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах;

      4.2.3. төрийн бус байгууллага, иргэдийн хадгалж байгаа баримтат өвийг шаардлагатай тохиолдолд хуулбарлан авах арга хэмжээг зохион байгуулах, явуулын дижитал лаборатори байгуулах;

      4.2.4. соёлын баримтат өвийг ариутгах, халдваргүйжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах, шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах;

      4.2.5. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хадгалагдаж байгаа соёлын баримтат өвийн хадгалалт, хамгаалалтын байдал, соёлын өвийг сэргээн засварлах талаар мэргэжлийн зөвлөгөө, туслалцааг үзүүлж, хамтран ажиллах;

      4.2.6. хил, гааль, цагдаагийн болон холбогдох ажилтан, мэргэжилтнүүдэд соёлын баримтат өвийн тухай ойлголт, мэдлэг олгох сургалт зохион байгуулж, хамтран ажиллах.

4.3. Соёлын баримтат өвийг сэргээн засварлах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:

4.3.1. соёлын баримтат өвийг сэргээн засварлах лаборатори байгуулж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах;

4.3.2. соёлын баримтат өвийг материалын шинж чанарыг судалж, технологийн дагуу сэргээн засварлах;

4.3.3. сэргээн засварласан соёлын баримтат өвд технологийн дагуу сэргээн засварлалтын картжуулалт хөтөлж баримтжуулах;

4.3.4. соёлын баримтат өвийг бүртгэх, ариутган халдваргүйжүүлэх, сэргээн засварлах мэргэжлийн боловсон хүчинг гадаад, дотоодод бэлтгэх, мэргэшүүлэн сургах;

4.3.5. соёлын баримтат өвийг бүртгэх, ариутган халдваргүйжүүлэх, сэргээн засварлах чиглэлээр гадаадаас нарийн мэргэшлийн мэргэжилтэн урьж ажиллуулах, ажилтнуудыг дагалдан сургах, сургалт зохион байгуулах.

4.4. Соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулах, сурталчлах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:

4.4.1. үндэсний номын санг түшиглэн судалгаа мэдээллийн нэгж, шинжилгээний лаборатори бүхий “Соёлын баримтат өвийн судалгаа, шинжилгээний төв” байгуулах;

 4.4.2. соёлын баримтат өвийн талаарх эрдэм шинжилгээний хурал, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, дагнасан судлаач бэлтгэх;

 4.4.3. гадаад орны музей, архив, номын сан, хувь хүнд хадгалагдаж байгаа Монгол Улсын соёлын баримтат өвийг судлан тогтоох, хамтран судлах;

 4.4.4. соёлын баримтат өвийг хамгаалах, судлан тогтоох, судалгааны эргэлтэд оруулах талаар гадаадын орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

  4.4.5. соёлын баримтат өвийн талаар танилцуулга, цомог, ном товхимол, каталог, гарын авлага, CD, DVD, кино бүтээн олон нийтийн хүртээл болгох;

     4.4.6. соёлын баримтат өв хадгалж байгаа байгууллага, иргэд харилцан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх, тэдний шилдэг санал санаачилгыг дэмжих, урамшуулах;

     4.4.7. соёлын баримтат өвийн тухай мэдлэг, түүнийг хадгалж хамгаалж ирсэн уламжлал, зан заншил, хууль тогтоомжийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах;

     4.4.8. соёлын баримтат өвийг зүй зохистой хадгалан хойч үедээ өвлүүлсэн, нээн илрүүлсэн болон соёлын баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн хувь хүн, байгууллагыг дэмжиж, урамшуулах.


Тав. Хүрэх үр дүн, шалгуур, үзүүлэлт
5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

     5.1.1. соёлын баримтат өвийг улсын хэмжээнд бүртгэн баталгаажуулж, үндэсний бүртгэл мэдээллийн сантай болно.

     5.1.2. соёлын баримтат өвийн хадгалалт, хамгаалалтын нөхцөл сайжирна.

     5.1.3. соёлын баримтат өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн түвшинд сэргээн засварлах боломж бий болно.


     5.1.4. соёлын баримтат өвийг хадгалах, түгээх ажиллагаанд мэдээлэл харилцааны шинэ технологи нэвтэрч, мэдээллийг шуурхай харилцан солилцох нөхцөл бүрдэнэ.

     5.1.5. соёлын дэлхийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдсэнээр Үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд хамгаалах нөхцөл бүрдэнэ.

     5.1.6. соёлын баримтат өвийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэгдэж, тэдний мэргэжлийн ур чадвар дээшилсэн байна.

     5.1.7. байгууллага, иргэдийн соёлын баримтат өвийн талаарх мэдлэг, идэвх санаачилга дээшилнэ.

5.2. Хөтөлбөрийг дараах үр дүнгийн болон үйл ажиллагааны шалгуур, үзүүлэлтээр хэмжинэ:

     5.2.1. бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн баримтат өвийн тоо;

     5.2.2. сэргээн засварласан байдал (тоо, чанар, төрөл зүйл), ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байдал;

     5.2.3. соёлын баримтат өвийн судалгаа шинжилгээний ажлын тоо, үйл ажиллагааны тогтворжилт;

     5.2.4. улсын хэмжээнд нэвтрүүлсэн нэвтрүүлэг, сурталчилгааны тоо;

     5.2.5. эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийн тоо, ач холбогдол;

     5.2.6. бэлтгэгдсэн мэргэжилтний тоо.


Зургаа. Удирдлага, зохион байгуулалт


6.1. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллана.

6.2. Орон нутагт хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын нэгж удирдан, орон нутгийн засаг захиргаатай хамтран зохион байгуулна.

Долоо. Хөтөлбөрийн санхүүжилт


7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг улсын төсвөөс бүрдүүлнэ.

7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусган батлуулж, санхүүжүүлнэ.


--оОо--
 

 

СОЁЛЫН ӨВ