Соёлын баримтат өв, түүний төрөл

Дэлхийн баримтат өвийн асар олон үнэт дурсгалууд дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж ЮНЕСКО 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг эхлүүлсэн билээ.

“Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн гол зорилго нь “Баримтат өв”-ийг олон улсын болон бүс нутгийн өвийн бүртгэлд бүртгэх замаар олон улсын, бүсийн, болоод үндэсний ач холбогдол бүхий Баримтат өвийн хадгалалт хамгаалалтыг дэмжин баталгаажуулах, баримтат өвөө хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, ийм төрлийн өвийг хамгаалах талаар гишүүн орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэх явдал юм.

Баримтат өвд оруулж болох дурсгалт зүйлс

  • Бичиг үсгээр ямар нэгэн зүйл дээр бичиж, сийлж, зурж, оёж, хатгаж, барлаж, хэвлэж, үлдээсэн бичгийн дурсгалууд,
  • Марк, ил захидал, мөнгөн тэмдэгт зэрэг зураг, гэрэл зураг болон бусад дүрслэлийг ашигласан хэвлэмэл дурсгалууд,
  • Бүх төрлийн гэрэл зургийн дурсгалууд
  • Кино дүрс
  • Дуу авианы бичлэг хийж баримтжуулсан дурсгалууд (пянз, туузан бичлэг) /баримтат өвийн төрөл зүйлийн энэхүү жагсаалт үүгээр хязгаарлагдахгүй нь/  “Баримтат өв”-ийг ямар зүйл дээр ямар аргаар бүтээн баримтжуулж байгаагаас хамааран түүнийг агуулан тээгч нь олон төрөл зүйл байдаг.  Бичиг үсэг, дүрсийг хад чулуун дээр бичиж, сийлэхээс эхлээд тоон технологийн мэдээлэл /E-mail/ хүртэл баримтат өвийн олон төрлийн тээгч хэрэгслүүдийг хүн төрөлхтөн бас бүтээсэн байна.

Энд заримаас нь дурдвал:

  • Хад, чулуун дээр бичиж, сийлсэн дурсгал
  • Цаас болон бусад уламжлалт материал (арьс шир, мод, модны холтос, хальс, үйс, навч, торго, бөс даавуу, төрөл бүрийн металл гэх зэрэг)
  • Гэрэл зургийн материалууд,
  • Механик бичлэгүүд (фонограм болон бичил ховилт бичлэгүүд(пянз, диск)
  • Мэдээллийн харах (оптик) хэрэгслүүд (дуу авианы CD, видео диск, оптик хуурцгууд)
  • Электрон хэвлэл (дэлгэцээс буулгасан болон дэлгэцэнд байгаа)
  • Электрон бичлэг болон мэдээллүүд (E-mail, компьютерийн файлууд) зэргийг бүтээн ашиглаж иржээ.

 

 

 

 

СОЁЛЫН ӨВ